Хүүхэд хүмүүжүүлэх алтан дүрэм.

Ёкоминэ цэцэрлэгийн гарын авлага.

Агуулга

  • Өмнөтгөл
  • Ёкоминэ сургалт хэрхэн үүсэв?
  • Тархи мэдрэл судлал талаас Ёкоминэ сургалтын аргыг шинжлэхүй.
  • Ёкоминэ сургалтын үзэл санаа.
  • Ёкоминэ сургалтын сурах бичиг.
  • Ёкоминэ цэцэрлэгийн 1 өдрийн хөтөлбөр
  • Ёкоминэ сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн сургадаг вэ?
  • Ёкоминэ сургалтын үүрэг хариуцлага
  • Ёкоминэ сургалтын амжилт.
  • Асуулт хариулт

Өмнөтгөл

Улсын сургуулийн багш байсан би Ёкоминэ сургалтын аргатай анх 2006 оны 3-р сард танилцаж билээ. Кагошима мужийн 3 цэцэрлэгээр 3 хоног зочилж, Ёкоминэ багшийн яриаг сонсох завшаан тохиолдов. Тэндхийн хүүхдүүдийг хараад бахархаж, бишрэхийн хажуугаар том цочролд орсон гэж болно.

  • Бүх хүүхэд гар дээрээ явж чаддаг
  • Өөрөөсөө өндөр модон морин дээр түүртсэн юмгүй харайдаг
  • Бага сургуулийн 2-р ангийн хүүхдээс хурдан гүйдэг
  • 3 настай хүүхэд уншиж, бичиж, 5-тайдаа 2000 ном уншсан байдаг
  • 2 настай хүүхэд үржүүлэхийн хүрд цээжилж, 5 настайдаа бага сургуулийн 2-р ангийн түвшний ханз үсгийг эзэмшсэн байдаг
  • Нүдээ боогоод хармоника /мини төгөлдөр хуур/ тоглож чаддаг, төрөлхийн сонсголтой болсон байдаг.
  • Бүх хүүхэд сайн дураар ширээндээ суугаад бие даан суралцах чадвартай болсон байдаг.

Ёкоминэ багшийн ярианаас чухал хэсгийг онцлоё:

  • Би яах гэж жаахан хүүхдээр ийм их юм хийлгэх гэж оролддог вэ гэвэл “хоцрогдол” үүсгэхгүйн тулд. Бага сургуулийн багш нар сургуульд орохоосоо өмнө хүүхэд нэрээ л бичдэг болчихсон байвал боллоо гэж ярьдаг. Гэтэл 4-р сард хичээлийн шинэ жил эхэлсэн байтал 5-р сард өдрийн тэмдэглэл бичүүлнэ, зуны амралтаар уншсан номын тэмдэглэл хийлгэнэ гэдэг. 4-хөн сарын дотор ингэж сурж амжих уу? Тэгээд л чадаагүй нэг нь “хоцрогдсон” “юм сурдаггүй” гэдэг шошготой болно. Ингэж цоллуулсан хүүхэд сурах эрмэлзэлгүй болж, улам л хоцорч эхэлнэ. Бүр насан туршид нь өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж болж үлдэнэ гээд бодвол, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд уншиж, бичиж, тоо бодож сурах нь зайлшгүй.
  • Сургуулийн багш нар үйлчлэгч болжээ. “Мангас” шиг айхтар эцэг эхчүүд үүнд нөлөөтэй ч багш нар өөрсдөө сурагчдаа биш эцэг эхийг нь илүү анхаардаг болсонд байгаа юм. Эцэг эхэд нь долигнож, хүүхдийг “эрхэм үйлчлүүлэгч” гэж толгойг нь илнэ. Ёкоминэ сургалт бол хүүхдийг эрхлүүлдэггүй. Эцэг эх гомдоллосон ч хамаагүй. Хүүхэд нь бие дааж суралцах чадвартай болоод ирэхээр эцэг эхчүүд өөрсдөө өөрчлөгддөг.
  • Сургуульд бүх хүүхдийг хамарсан сургалт явуулах гэж хичээдэг. 20% нь чадвартай, 20% нь хоцрогдсон, үлдсэн 60% нь жирийн хүүхэд байдаг, жирийн 60%-д зориулж хичээл заадаг. Чаддаг нь дэндүү амархан болохоор уйдаж, чадахгүй нь гүйцэхгүй юм байна гэж шантарна. Нийтийг хамарсан сургалтын үр дүнд тэд сургуульд, суралцахад дургүй болдог. Энэ тогтолцоог больж, бие дааж өөрөө сурах тогтолцоонд шилжих хэрэгтэй.
  • “Сурлагын ялгаа” гэгч нь сургууль өөрсдөө бий болгосон зүйл. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс зохион байгуулдаг “Олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалт” (PISA)- д тэргүүлдэг Финландад “шалгалтад бэлдэх гүнзгийрүүлсэн сургалт” гэж байдаггүй. Япон улс дотроо сурлагын түвшингээр тэргүүлдэг Акита муж, Фүкүи мужид энэ сургалт маш цөөхөн. Хүүхэд нэмэлт хичээлээр биш, сургууль дээрээ л өсдөгийг үүнээс харж болно. Япон улс OECD-ийн шатлалаар 12т жагсаж байна. Урд нь боловсролоороо тэргүүлдэг байсан улсын одоогийн дүр төрх энэ. Үүний буруутан нь боловсролын тогтолцоо өөрөө.
  • Заадаггүй сургалт буюу бие дааж сурах чадварыг хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Гэтэл сургууль, багш, заах гэж, хүчээр сургах гэж оролдсоор л байна. Харин хүүхэд байгалаасаа өөрөө суралцах, бие дааж хичээллэх дуртай байдаг.

Хамгийн сүүлд хэлсэн үг нь:

“Одоогийн Япон дүр төрхийг хар. Шударга ёс гэж алга. Би би би, бүгд шуналдаа хөтлөгдсөн, хүний үгээр хөдөлдөг, тушаал заавар хүлээгээд л суудаг. Өөрөө санаачилж шийдэх хүн үгүй. Үүний нэг гол шалтгаан нь боловсролын тогтолцоонд байгаа гэж би боддог”

Миний бие Швейцар улсад 3 жил ажиллаж байсан туршлагаа бодсон ч Ёкоминэ багшийн яриа одоогийн Япон улс, боловсролын тогтолцоонд үүсээд буй асуудлын голыг нь олсон үнэн үг гэж бодогдсон билээ.

Энэхүү ном нь сургуулийн өмнөх боловсролд хамаарах багш ажилтан, эцэг эх, хэн бүхэнд Ёкоминэ сургалтын талаар ойлголт олгох “Ёкоминэ сургалтын гарын авлага” юм.

Зохиогч Нагафуката Саторү

Ёкоминэ сургалт онолын хувьд

Ёкоминэ сургалт хэрхэн үүсэв?

1. Бяцхан зүйлээс

Ёкоминэ багш 1980 онд анхны цэцэрлэгээ байгуулж туршлагатай багш нарыг авч ажиллуулсан.

Багш нар өдөр бүр хүүхдүүдэд радиогийн дасгал гимнастик заадаг байв. Гимнастик хийж байгаа хүүхдүүд дуртай дургүй хөдөлж байгааг хараад өрөвдөж “Хүүхдүүдэд дуртай зүйлийг нь хийлгэе” гэж шийдээд өөрөө сургалтад гар бие оролцож эхэлжээ.

Эхлээд хүүхдийн дуртай “тоглох” үйл. Ууланд авирч, жимс ногоо түүж, гол дээгүүр үсэрч, тоглоомын талбай дээр уралдаж, хүүхдүүд өөрсдөө тоглоомоо зохиож тоглож байв. Нэг нь гол руу үсрэхэд бусад нь дуурайгаад л үсэрнэ. Хамгийн түрүүлж ирсэнийг нь магтахад бүгд улам хурдан гүйе гэсэн урам, хүч ордог.

Урам орсон хүүхэд зөвхөн тоглохдоо ч биш сурах ч эрмэлзэлтэй болж байв. Унших, бичих, бодохыг заахад урам зоригтойгоор сурдаг. Үүнээс Ёкоминэ багш “хүүхдэд урам өгвөл заахгүй байсан ч өөрөө сурдаг, асаах товчийг нь л олж дарах хэрэгтэй” гэдгийг ойлгожээ. Ажиглалтаа үргэлжлүүлж дараах энгийн боловч хамгийн чухал зүйлсийг ойлгосон байна:

  • Хүүхэд өрсөлдөх дуртай
  • Хүүхэд дуурайх дуртай
  • Хүүхэд чадмаар санагдсан юмаа хийдэг, хэцүү юмаар оролддоггүй
  • Хүүхэд магтуулахаас илүү, хичээж хийсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрөхөд дуртай

Эдгээр 4-ийг Ёкоминэ сургалтын 4 асаах товч гэж нэрлэжээ.

2. Асаах товч

Асаах товчийг олж дарж чадвал хүүхэд юуг ч сурч чадна. Тэгвэл үүнийг хичээлд чиглүүлээд үзье л дээ. Ёкоминэ багш сургуулийн сургалтын хөтөлбөртэй санал нийлдэггүй байв. “Яагаад тооны хүрдийг 2-р ангидаа цээжлэж ёстой гэж?” “Яагаад 1-р ангийн ханзыг 1-р ангид орж байж л сурах ёстой гэж?” Тооны хүрдний дууг сонсгоод байхад 4 настай хүүхэд дорхноо цээжилдэг. Юуг ч сурч, шингээж авах гайхалтай чадвартай байхад томчууд 2-р ангийн ханзыг 2-р ангид л үзнэ гэж шийдсэн байдаг. Хүүхэд өөрөө үзэж сурмаар л байвал хэдэн настай байх нь хамаагүй байх ёстой.

Хүүхэд бүрийн сурах хурд өөр, тэр бүхэнд зохицуулан тайвнаар зөвлөж өгөхөд л болох юм. Ийм үзэл санаагаар унших, бичих, тоо бодох, биеийн тамир, хөгжмийн сургалтыг явуулж эхэлжээ. Хамгийн эхнийх нь хүүхдийн онцлогийг сайтар ажиглаж зохиосон “Ёкоминэ цагаан толгой”.

3. Ёкоминэ цагаан толгой

Жирийн сургуульд цагаан толгойг дарааллаар нь заадаг. Гэтэл А гэдэг нь олон зурлагатай бичихэд их хэцүү үсэг. Дуурайж бичих гэсээр хүүхэд залхдаг. Тиймээс цөөхөн зурлагатай 1-ийн тооны ханз (一) наас эхэлж заах болжээ. Нэг л зураас учир 2 настан ч бичиж чадна. Үсэг сураад ирэхээрээ зурагт ном уншдаг болж, тэмдэглэл хөтөлдөг болдог. Багшийг хэлээгүй байсан ч өөрөө санаачлагаараа уншдаг, бичдэг.

4. Төрөлхийн сонсгол

Ёкоминэ сургалт нь “хөгжим заах” биш “дотоод хөгжмийг нь илрүүлэх” аргаар ажилладаг. Нэг мэдэхэд л “Төрөлхийн сонсголтой” болсон байдаг. “ Пианика дээр амархан ая тоглодог болгомоор байна, өдөр бүр 10 минут ч хамаагүй давтуулъя” гэж Ёкоминэ багш цэцэрлэгийн захиралд хэлжээ. 7 хоногийн дараа бүгд чаддаг болов. Авъяасыг нээх арга:

  • Чаддаг юмаа хийх нь сонирхолтой.
  • Сонирхолтой учир хичээнэ, хичээхээр улам сайн чаддаг болно
  • Сайн чаддаг болохоор улам дуртай болно
  • Сайн чаддаг болохоор дараагийн шат руу ахимаар санагдана

Дараа нь “нүдээ боогоод тоглож чаддаг болгомоор байна” гэв. Нүдээ боогоод хөгжим тоглох нь хүүхдүүдэд их сонирхолтой байв. 7 хоногийн дараа бүгд чаддаг болов.

Дараа нь “арай хэцүү ая тоглуулъя” гэв. 5 хоногийн дараа бүгд чаддаг болов. Ингэсээр 20 ая заая гэв. 15 дахь ая дээр цэцэрлэгийн захирал:

“Би хүүхдүүдээ гүйцэхээ болилоо” гэжээ. Юу гэсэн үг вэ гэтэл “Шинэ ая сонсгонгуут хүүхдүүд өөрсдөө давтаад ганц сонсоод л тоглож чаддаг болчихлоо” гэлээ. Хүүхдүүдийн хөгжмийн товч ассан хэрэг байлаа.

Төгөлдөр хуурын багш төрөлхийн гайхалтай сонсголтой хүүхэд байна гэж хэлсэн байна. Дараа нь хүүхдүүдээ найрал хөгжим болгож найруулав. Хармоника, синтезатор, цан, бөмбөр гээд олон янзын зэмсгийг төдөлгүй ашигладаг болов. “Хүүхэд бол гоц ухаантан юм байна” гэж Ёкоминэ багш боджээ.

5. Байгальтай харьцах

Хүүхдүүдэд байгальтай харьцах боломж олгох нь хичнээн чухлыг Ёкоминэ багш сайтар ойлгодог байсан тул энэ боломжийг олгохын тулд “Нарны хүүхдүүд – Уулын сургууль”-ийг байгуулав. Голд сэлж, гараараа загас хавч барьж, олон төрлийн загас жараахайг ажиглаж, ногоо тарьж, хонь гахай маллахад байгалийн зөн нь сэргэж, улам сэргэлэн ухаалаг болдог. Асуудал шийдвэрлэх чадвар суудаг.

6. Зодолдохын оронд барилд

Хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхэд гар зөрүүлэх дуртай байдаг. Зодолдох нь дандаа муу талтай биш, хор шараа дарахыг, уураа хянахыг, өрсөлдөгчдөө санаа тавихыг сургадаг. Тиймээс байгалийн зөн совинг нь хорихын оронд биед нь аюул багатай чөлөөт бөхийн дүрмийг бодож олжээ. 2 далыг нь шаланд хүргэвэл ялна. Дураараа барилдаж болно, гэхдээ хэтрүүлбэл гэмтэх учир биеэ барьж сурах хэрэгтэй болно, гэсэн үзлээс үүсэлтэй юм.

Ёкоминэ цэцэрлэгт төгссөн хүүхэд зодоон хийдэггүй, харин ч зодолдож буй 2-ыг салгах гэж оролддог гэж нэгэн бага сургуулийн багш хэлсэн байдаг.

Тархи мэдрэл судлал талаас Ёкоминэ сургалтын аргыг шинжлэхүй.

Ёкоминэ багшийн 30 жилийн туршлагыг 2009 оны хавар Фүжи телевизийн нэвтрүүлгээр танилцуулснаар Япон орон даяар анхаарлаа хандуулах болж, одоо 260 цэцэрлэг энэ аргыг нэвтрүүлжээ.

Ёкоминэ сургалтын амжилтын үндсийг, тархи мэдрэл судлалд хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө тархийг нь хөгжүүлэх нь чухал гэж үздэгтэй холбон тайлбарлаж болох юм.

  • Тархи үндсэндээ 5-6 нас гэхэд бүрэлдэж гүйцдэг. Төрөхөд 400г байсан хүний тархи маш эрчимтэй өссөөр 5-6 настайд 1250 гр болдог. Насанд хүрсэн хүний тархи дунджаар 1350г байдаг тул 90% нь бүрэлдсэн гэж үзэж болох нь. Нялх хүүхдийн тархи мэдээлэл боловсруулах мэдрэлийн эс, түүний дамжих зам нь хөгжиж, шаардлагагүйнүүд нь устсаар 12 нас хүрэхэд насанд хүрсэн хүний тархитай адил болдог. Тиймээс Ёкоминэ сургалтын аргад 10 нас хүртэлх насыг хүн бүрэлддэг гэсэн үзлийн үүднээс “унших, бичих, бодох, дасгал хөдөлгөөн, амьдралын хэвшил, байгальтай харьцах”-ыг заадаг. Мэдрэлийн эс –Ньюрон, Синапс Мэдрэлийн эсийг ньюрон, тэдгээрийг холбосон замыг синапс гэнэ. Хоорондоо цахилгаанаар мэдээлэл дамжуулах энэ бүтэц төрөхөөс эхлэн 8 нас хүртэл асар хурдтай өсдөг ба түүнээс цааш хэрэглэгддэг нь хөгжиж, хэрэглэгдэхгүй нь устаж эхэлдэг байна.
  • Их тархи, урд тархи. Хүний тархи нь баруун зүүн тархи, тэдгээр нь тус тусдаа 4 хэсэгт хуваагдана. Өмнөд – хүрэлцэх мэдрэхүй, орон зай, хэл яриа, тоо бодлого Завсрын – сонсгол, хэлбэр дүрс, нэр, бичиг бичих, үгийн утга Арын – хараа Дунд – хөдөлгөөн, үг хэлэх. Энэ хэсэг нь бусад амьтдаас илүү хүнд хамгийн том байдаг. Сэтгэл хөдлөл, бусдын төлөө санаа тавих, анхаарлаа хөвчлөх, олон зүйлийг зэрэг хийх, биеийн тамир хийх үед энэ хэсэг идэвхтэй ажилладаг. Тохокү ИС-ийн Кавашима багш MRI, компьютер томограф ашиглан урд тархийг судалсан ба “Тархиа хөгжүүлж, мөрөөдлөө биелүүл” номондоо уншиж, бичиж, тоо бодох нь үндсэн мэдлэг бөгөөд дахин дахин давтсанаар тархи хөгждөг. Өөрөөр хэлбэл төсөөлөн бодох чадвар, харилцааны чадвар сууна гэсэн үг гэжээ.
  • Тархи бол “дадлын” эрхтэн. “Ойлгохгүй байсан ч цээжлэх” чадвар балчир насанд хамгийн сайн байдаг. Тийм учир балчир насанд олон төрлийн “хичээлээр шахах” “цээжлүүлэх” нь үр дүнтэй. Ингэснээр тархи өөрөө “тогтоох, сурах” дадал чадварт суралцдаг.
  • Тархины хөгжилд генээс илүү орчин нөлөөлдөг. Урд нь тархины хөгжил генээс шалтгаалдаг гэж үздэг байсан бол сүүлийн үед орчин илүү нөлөөтэй гэдэг нь олон судалгаагаар тодорхой болжээ. Үр төлөө халамжилдаг болон халамжилдаггүй хархан дээр хийсэн туршилтаар халамжилдаггүй байсан харханы зулзагыг халамжтай харханд өгч өсгүүлэхэд зулзагаа халамжилдаг болж өссөн байна.

Ёкоминэ сургалтын үзэл санаа.

Үзэл санаа

Хүүхэд бүхэн гоц ухаантан байдаг. Чадваргүй хүүхэд гэж ганц ч байхгүй. Хүүхэд бүр энэ орчлонд хүн болж төрсөний утга учир, онцгой авъяасыг тээж ирдэг. Тэр онцгой зүйлийг бид хамгийн тод томруунаар илрүүлэхийг хүснэ.

Зорилго

Ёкоминэ сургалтын зорилго нь “ бие даалгах”. Бие даах гэдэг нь өөрөө бодож, өөрөө шийдэж, өөрөө хийхийг хэлнэ. “Асаах товч” “Авъяасыг нээх” аргаар хөгжүүлж “Сэтгэлийн хүч” “Суралцах хүч” “Биеийн хүч”-ийг өв тэгш боловсруулж, идэр залуу насанд хүрэхдээ нийгэмдээ, хүний төлөө хувь нэмрээ оруулахдаа аз жаргалыг мэдэрдэг, бие даасан хүн болгон өсгөх

Хүсэл

Хүүхэд бүр гайхамшигтай авъяастай байдаг. Хязгааргүй боломж, чадвар бүхий хүүхдийн төлөө бидний хийж чадах зүйл бол хүүхдэд олон сорилтыг бий болгож өөрийн хүчээр даван туулах туршлагыг суулгах явдал юм. Хүүхэд бүр авъяасаа бүхий л бололцоогоороо хөгжүүлж тэнгэрээс заяагдсан ажлаа хийж, тэнгэрээс заяагдсан үүргээ биелүүлэх болтугай.

  • Хүүхдийн хүмүүжлийн өнөөгийн байдал

    Хүүхдийн тоо цөөрсөнөөр эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгөх хайр, халамж ихэссэн. Гэхдээ ихэвчлэн тэр нь хэтийдээд эцэг эх, сургууль цэцэрлэг, нийгэм тэр чигээрээ хүүхдийг хэт бөөцийлж, тэгсэн хэрнээ хайхрахгүй орхиж байна. Тийм эрх хүүхдүүдийг ямар ирээдүй хүлээж буй бол?

  • Бие даалгах “суралцах хүч”, “биеийн хүч”, “сэтгэлийн хүч”

    • “Суралцах хүч” гэдэг нь унших, бичих, тоо бодохыг сурсанаар өөр бие дааж суралцах чадвартай болохыг, өөрөөр хэлбэл ухаж ойлгох, эргэцүүлж тунгаах, ажиглах чадвартай болохыг хэлж байгаа юм. “1 гэж сонсоод 10-г ойлгодог байх” “Дараа нь юу болохыг агшин зуур боддог байх” “Цуурхал, туйлшралд автдаггүй, зөв бурууг ялгаж мэддэг байх” Урд нь хүүхдэд өөрийнхөө алдаанаас, орчин тойрноосоо сурах боломж их байсан тул заавал эрт уншиж, бичүүлэх шаардлага байсангүй. Харин орчин үеийн хүүхдүүдэд ийм боломж бага болжээ. Дээрх чадваруудыг заах гэж оролддог болж. Заалгаж сурдаг зүйл уг нь биш юм. Хамгийн чухал нь шалгалт сайн өгүүлэхийн тулд уншиж бичихийг сургаж байгаа биш бие дааж суралцах чадварыг тархинд нь суулгаж, устаж алга болохгүй синапс үүсгэж байгаа хэрэг юм.
    • “Биеийн хүч” гэдэг нь биеийн чадал тэнхээ, уян налархайг хэлнэ. Ёкоминэ сургалт нь гүйх, усанд сэлэх, дасгал хөдөлгөөнд ихээхэн анхаарал хандуулдаг. Хүний хөдөлгөөний мэдрэлийн үндэс /хөдөлгөөн, тэнцвэр удирддаг дунд тархи/ нь 6 нас гэхэд бүрэлддэг тул балчир насанд нь л хөдөлгөөн хийлгэж, хөгжүүлэх хэрэгтэй юм. Бага сургуулийн 1, 2-р ангийн сурагчид бүгд турник дээр хойш эргэх дасгалыг хийж чаддаг байхад дунд сургуулийн сурагчдыг харахад чадахгүй нь олон байдаг. “Багадаа сураагүй бол том болсон хойноо сурна гэж байхгүй” гэдэг.
    • “Сэтгэлийн хүч” гэдэг нь шударга, ёс зүйтэй гэх мэт чанарыг хэлнэ. Хүүхдийг багад нь хэт эрхлүүлснээр өсвөр насандаа замаа алдах эхлэлийг нь тавьдаг гэсэн судалгааны дүн байна. Хэт эрхлүүлэх эсвэл үл тоомсорлох нь хүүхдийг биеэ хянаж чаддаггүй, ууртай догшин, амин хувиа хичээсэн хүн болгодог гэсэн байна.
    • Урам зориг өгөх товч
      • Хүүхэд өрсөлдөх дуртай
      • Хүүхэд дуурайх дуртай
      • Хүүхэд чадмаар санагдсан юмаа хийдэг, хэцүү юмаар оролддоггүй
      • Хүүхэд магтуулахаас илүү, хичээж хийсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрөхөд дуртай

Хүүхэд өрсөлдөх дуртай:

Хүүхдүүд уралдах дуртай, уралдаад 1-рт орох дуртай. Уралдуулаад 1, 2, 3... байр эзлүүлэхэд түрүүлсэн нь баярлаж, хоцорсоных нь шар хөдөлнө. Аль алиных нь улам хурдан гүйхсэн гэсэн товч дарагдсан гэсэн үг. Хүүхдийн хувьд уралдана гэдэг нь томчуудын уралдахаас өөр. Хүүхэд бол “хурдан хүүхдийг дуурайж, өөрөө ч ийм хурдан гүйх юмсан” гэж л боддог.

Хүүхэд дуурайх дуртай:

Хүүхэд дуурайх дуртай, дуурайхдаа ч сайн. 4, 5 настангуудад үржүүлэхийн хүрдний дуу сонсгоод байхад 2, 3 настангууд дуурайж дуулсаар 4, 5 настнаас ч өмнө сурчихсан байдаг. Үүнчлэн модон морин дээр харайх, агаарт эргэх зэргийг ч заахаас илүү чаддаг хүүхдээр хийлгэж үзүүлэхэд илүү хурдан сурдаг.

Хүүхэд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй:

Хүүхдэд жаахан хүүхэд гэхээсээ илүү “том эгч” “том ах” гэж хандахад дуртай байдаг. Магтахаас илүү, хүлээн зөвшөөрөх нь чухал. Анх удаа 10 давхар модон морин дээр харайсан хүүхдэд “Зөв, тэнцлээ” “ОК” гэж хэлэхэд их баярладаг. “Сайн байлаа, маш сайн” гэж магтахгүйг хичээдэг. Дандаа хэлээд байвал улиг болно.

Авъяасыг нээх арга

4 товчоос гадна “авъяасыг нээх арга” гэж байдаг.

  • Чаддаг юмаа хийх нь сонирхолтой.
  • Сонирхолтой учир хичээнэ, хичээхээр улам сайн чаддаг болно
  • Сайн чаддаг болохоор улам дуртай болно
  • Сайн чаддаг болохоор дараагийн шат руу ахимаар санагдана

Ёкоминэ сургалтын сурах бичиг.

Унших

  • Үсэг цээжлэх. Ёкоминэ сургалтад 2 нас хагасаас эхлэн үсэг зааж эхэлдэг. Эхлээд үсэгтэй картуудыг харуулж, уншиж үзүүлнэ. Зузаавтар цаасан дээр өнгийн фломастераар хүүхдийн анхаарлыг татахуйцаар бичнэ. “Энэ алим гэхэд ордог А” “Бамбаруушийн Б” гэх мэт хүүхдэд ойр зүйлээр жишээлнэ. Цээжилсэний дараа энэ үсгээр эхэлсэн үг ямар ямар үг байна? гэх байдлаар дэлгэрүүлнэ.
  • Үсэглэж унших Үсгийг нэг нэгээр нь, эсвэл мэддэг үсгээ түүж уншихыг хэлнэ. 4 нас хагасаас эхэлдэг. Өдөр бүр тогтсон цагт багш уншиж өгөх маягаар хажууд нь сууж хуруугаараа зааж уншуулна. Болж байна, чадлаа, сонирхолтой юм аа гэх мэтчилэн урамшуулна. Мэдэхгүй үсэг байвал шууд хэлж өгөхгүй, өөрөөр нь сануулахыг хичээнэ. Хэдэн ном уншсаны дараа түвшинг нь ахиулна. Хуудасны тоо, үсгийн тоог нэмнэ гэсэн үг. Тоорияма цэцэрлэгийн номын сангаас үсэглэж уншихад тохирсон номууд:

    “Галт тэргийг хэн сайн мэдэх вэ”

    “Алим байна”

    “Нэми хулгана хоёр”
  • Чөлөөтэй унших. Үсэг, үеэр биш үгийг тэр чигт нь харж уншдаг болно. Олон үсэгтэй зузаан номыг ч уншдаг болж, алдаа багасна. Ийм үед нь “Сайн уншдаг болж шүү, одоо дуугарахгүйгээр уншаад үз дээ” гэнэ. Дуугүй уншиж байгаа хүүхдийг заримдаа чангаар уншуулж алдаа гаргаж буй эсэхийг шалгана. Ингэж чаддаг болохоороо хүүхэд илүү том, зузаан ном унших хүсэлтэй болно. Уншъя гэсэн номыг нь өгөх хэрэгтэй. Заримдаа хэцүү санагдаад дундаас нь бууж өгөх явдал ч бий. Энэ үед нь урамшуулж байна гээд уншсан номын тэмдэглэлд нь бичиж болохгүй. Дараагийн өдөр зогссон хэсгээс нь үргэлжлүүлээд уншуулна. Эсвэл түвшинг нь доошлуулж хэд хэдэн ном уншсаны дараа дахин эхлүүлнэ.

    Ингэж хэцүү номыг уншиж дууссан хүүхэд өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Энэ насны хүүхэд уншиж чаддаг ч уншсанаа ойлгох чадвар сул байдаг. Ийм чадвар суух нь бага сургуулийн 4, 5-р анги юм. Уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх эхний шат болгож, багш өглөө бүр самбар дээр зурвас бичиж тавьдаг.

    “9/13 Пүрэв гариг. Өглөөний мэнд. Өнөөдөр өдрийн хоолоо гэрээсээ авчирч иддэг өдөр. Бас машины аялалаар явах өдөр. Хөгжилтэй аялал болох байх даа. Ханатлаа тоглоцгооё”

    “9/14 Баасан гариг. Сайхан амарцгаав уу. Өчигдрийн аялал сайхан байсан шүү. Өнөөдөр эгч нартай ямар тоглоомоор тоглох бол?”

    Өдөр бүр уншсаар жилд 250 зурвасыг уншиж ойлгоно гэсэн үг.
  • Бага сургуулийн түвшний номнууд. Энэ үед ном унших маш их дуртай болсон байдаг. Өдөрт нэг номоор тогтохгүй болно. Ганцаараа дуугарахгүйгээр уншдаг болбол ном унших дадал тогтсон байна гэсэн үг. Унших гэсэн номыг нь уншуулах. 5 нас хүрэх үед бага сургуулийн 5, 6-р ангийн түвшний номуудыг уншдаг болсон байна.

Бичих

“Анхны алхам” 4 боть ... хуулж бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх... “1-р ангийн ханз” “2-р ангийн ханз” ... Хүүхдийн сонин сэтгүүл хуулж бичих ... Толь бичгээс үгийн утга харах

  • Үсэг бичүүлэхээс өмнө. 3 наснаас үсэг бичүүлж эхэлдэг. Үүнээс өмнөх бэлтгэл нь савх, хайч барьж сурах, зураг будах, баримлын шавраар юм хийх. Ингэснээр хуруу гарын мэдрэл хөгжинө. Мөн ширээнд цэх сууж чадахгүй учир өдөр бүр гүйх дасгал хийлгэнэ. Өдөрт 30 метр. Ингэснээр нуруу цэх болдог.
  • Ёкоминэ цагаан толгой. Эхлээд харандаа яаж барихыг зааж, хамгийн амархан нэгийн /-/ тооноос эхэлж бичнэ. Багш гарыг нь давхар барьж бичүүлэхээс эхэлнэ. Тасархай зураасыг дагаж бичих дасгалууд үр дүнтэй.

    3 зүйлийг анхаарах:
    Хүүхдэд зураг зурж байна гэсэн сэдэл төрүүлэх. Үсэг зааж байна гэж хүчилбэл хүүхэд эсэргүүцдэг.

    Сурах бичгийг хэт баримтлахгүй байх. Хүүхэд бүртэй тулж ажиллах. бичиж чадахгүй үсэг гарвал алгасах биш, өмнөх арай амархан үсэг руу буцаж дасгал хийлгэх

    Гоё бичүүлэх гэж, дуустал нь хийлгэх гэж оролдохгүй байх. Ерөнхий дүрс гарч байвал хангалттай. Хүүхэд 1-р хуудсыг дуусгахгүйгээр 2-р хуудсыг хиймээр байгаа бол дураараа л болог. Энэ шатанд харандаа бариулж сургахдаа эргономик/гурвалжин хэлбэртэй/, хавчаартай гэх мэт харандааг ашиглах нь үр дүнтэй.
  • Ёкоминэ ханз. Цагаан толгой бичдэг болсоны дараа “хуулан бичиг” “зохион бичлэг, өдрийн тэмдэглэл” бичүүлнэ.
  • Хуулан бичлэг. Багшийн хүүхдэд зориулж бичсэн жижиг зурвасыг хуулан бичүүлнэ. Хүүхдийг өөрийг нь оролцуулж, сайн талыг нь магтсан, урамшуулсан, дуртай зүйлс /онгоц, машин гэх мэт/, гэрийнхэнийх нь тухай байвал үр дүнтэй. Найзынхаа тухай магтаал бичсэнээр хүүхэд бусдыг хүндлэх сэтгэлд суралцдаг. Жишээ нь: “Рэн-күн гоё дуулдаг. Чанга, сайхан хоолойтой. Бас бөмбөр сайн тоглодог.“ “Рёотаро-күн бол А бүлгийн манлайлагч. Багш шиг ангийг нэгтгэж байдаг.”
  • Багштай харилцах зохион бичлэг, өдрийн тэмдэглэл. Хуулан бичлэг сайн хийдэг болсоны дараа өдрийн тэмдэглэл бичүүлнэ. Гэхдээ гэнэт л “за одоо бич” гэж болохгүй. Багш нэг хүүхэдтэй ярилцана. Өчигдөр гэртээ хийсэн зүйлийн талаар асуугаад түүнийг нь самбар дээр товч текст болгож бичнэ. “Аан, ингээд л болоо юм байна шүү дээ” гэж хүүхэд ойлговол хүүхэд өөрөө бичье гэж бодох болно.

    Багш бичсэн нь:

    "Би өчигдөр ээжтэйгээ дэлгүүр явсан. Ээж зайрмаг авч өгсөн. Гоё зайрмаг байсан, гэхдээ их хүйтэн болохоор шүд өвдсөн."

    Дараа нь хүүхэд бүртэй ярилцаж зохион бичлэгийнх нь сэдвийг цуг олно.
  • Өглөө гэртээ юу идсэн бэ
  • Талх
  • Чи талх идэх дуртай, тийм ээ? тэгэхээр “Талх идсэн” гээд эхлээд бичье. Талхаа юутай идсэн бэ?
  • Варень Юуны варень?
  • Гүзээлзгэний
  • За тэгвэл гүзээлзгэний вареньтай талх байсан, гээд бичье. Сайн байна.

Хүүхдийн зохион бичлэг:

“ Өглөө талх идсэн. Гүзээлгэний вареньтай талх байсан.”

Хүүхэд бичиж дуусахаар заавал шалгаж, улаан балаар санал сэтгэгдлээ бичнэ. Хүүхдэд хандсан, хөгжилтэй сэтгэгдэл байх.

“ Өглөө дуртай зүйлээ идэх гоё шүү, тийм ээ”

Дараа нь сэтгэгдэл орсон зохион бичлэг бичнэ.

Багш тухайн үед ямар санагдсан тухай асууна. Гэхдээ ярилцах цаг ихэсвэл багшийн өдрийн тэмдэглэл болох тул ярилцахаа багасгаж хүүхэд өөрийнхөө санаагаар бичих нөхцлийг бүрдүүлэхийг хичээнэ.

Харилцан яриа:

- Талх нь хатуу байсан уу? зөөлөн байсан уу?

- Хатуу байсан

- Хатуу талханд дуртай юу?

- Зөөлөнд дуртай.

- За саяны ярьсан зүйлээ бичье. Сайн болж байна.

Хүүхдийн зохион бичлэг:

“ Өглөөний цайнд талх идсэн. Гүзээлзгэний вареньтай байсан. Амттай байсан. Гэхдээ талх нь хатуу байсан.”

Багшийн сэтгэгдэл: “Гүзээлзгэний талханд дуртай байх нь. Талх нь зөөлөн байсан бол бүр гоё байжээ, тийм ээ?”

Сэтгэгдлээ оруулж урт зохион бичлэг бичиж чаддаг болох үед нь ярилцахгүйгээр бичмээр байгаа зүйлийг нь бичүүлэх. Бичсэн зүйлийг нь заавал шалгаж сэтгэгдлээ бичих.

Тоо бодлого - Сампин

Тоо бодлогыг 4 наснаас эхэлнэ. Эхлээд тоолж сурах. “Энэ хэдэн хуруу вэ” гэх мэт ойрын зүйлээр жишээлэн тоолж сургана.

“Цэгээр тоолж суръя” сурах бичгээс эхэлнэ. Тоо бодож сурсаны дараа “Сампин” руу орно. Сампингаар насны хязгааргүй өрсөлдөж болно. Зах зээлд зарагдаж буй сампингийн сурах бичгүүдийг ашиглаж, өдөр бүр дасгал хийлгэх нь чухал. Хариугаа тулгаад бүгдийг чадсан бол тэмдэг нааж өгөх зэргээр урамшуулна. Ойлгохгүй зүйл гарвал түвшнээ бууруулан дахин заах. Дахин дахин эргэж буцаж заахад асуудал байхгүй.

7 шатаар заана:

  • “Тоо”, “Бодлого”
  • “Цэгээр бодож суръя”, “Цэгээр нэмж суръя”
  • “Хэд дээр хэд вэ?”
  • “Цэгээр нэмж суръя, орон шилжих”
  • “Цэгээр хасч суръя”, “Цэгээр хасч суръя, орон шилжих”
  • “Том тоо”
  • “Интоорын бодлого”

3 нас сүүлийн хагасаас эхэлнэ. Дараах 5 зорилготой:

  • Тоог зөв бичих
  • Тасархай зураасыг дагуулан, хүрээнээс халиулахгүйгээр бичих
  • Тоог уншиж сурах
  • 1-20 тоолж, ойлгох, 1-20 оноож тоолох
  • 1-10 цэгийг тоолохгүйгээр хэд байгааг ерөнхийд нь хэлдэг болох

Сурах бичгийн дарааллыг чанга баримтлах шаардлагагүй.

Хуруугаар биш цэгээр бодох. Цэгийг зөв тоолж сурах. Эхлээд цэгийг тоолж байсан ч яваандаа цэггүй байсан ч нэмэх хасах үйлдлийг хийж сурна. “Цэгээр нэмж суръя”- д аажмаар цэггүй, зөвхөн тоогоор бодуулдаг. Эхлээд 10 хүртэлх тоог чөлөөтэй нэмдэг болох хүртэл дасгал хийлгэнэ. Өдөр болгон хийлгэх нь Ёкоминэгийн үндэс.

10 хүртэлх тоог 2 хэсэг болгож авч үзнэ, нэмэх хасах үйлдэл аль аль нь орсон гэсэн үг. Яаралгүй, сайтар ойлгуулах хэрэгтэй.

5-с дээш, 10-19 тооны дотор цэгээр бодох.

Хасагчийн тоотой тэнцүү цэгийг хүрээлэх. Сурсаны дараа хасах үйлдлийг заана.

Мөнгөний тооцоо хийж сурна.

Интоорын зургаар тоо бодуулах. Цэгээр бодохтой ерөнхийдөө адил. Цэгээр бодохын үндэс нь, 5 ба 10-ын тоо хэд хэдээс бүтэхийг ойлгуулсан тул энэ зарчмаар явна.

Ёкоминэ дасгал

Эрэгтэй хүүхдийг наснаас нь барилдуулна. Уралдуулахыг 3 наснаас бүх хүүхдэд. Удаан гүйдэг хүүхэд ч түрүүлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ.

Ёкоминэ хөгжим

3 нас эхний хагасаас пианикагаар эхэлнэ. 5 нас хүрэхэд 60 ая тоглодог болсон байна.
  • Эхний 9 сар
    • Нот уншиж сурах. Картаар өдөр бүр давтах
    • Эхний ая нь 4-т нотоос бүтсэн амархан ая байх
    • Аяыг аажмаар хүндрүүлэх
  • 9-р сараас
    • Нот харж тоглох
    • Амьсгаа зөв авч сурах, чөлөөтэй, өөрийн дураар тоглож сурах. Бие дааж сурах дээр суурилна.
  • 10-р сараас
    • 140 дэх аяас Байер аргад шилжинэ. Бие дааж сурахад аяыг “өөрийн болгож” чадаж байгаа эсэхийг сайтар шалгаж байх хэрэгтэй.
    • Шинэ тэмдэглэгээ, хуруунуудаа зөв ашиглах зэрэг шинэ зүйлсийг ойлгуулангаа цааш үргэлжлүүлнэ.
  • 11-р сараас
    • Байер эхлэхээс өмнө дасгалын номыг давтана.
  • 12-р сараас
    • Бие дааж суралцах боломжийг олгоно.

Ёкоминэ уулын сургууль

Зун байгальтай харьцах аялал хийнэ. Голоор алхах, олсон гүүр, гол сэлэх, голын амьтдыг барих, гол рүү үсрэх. ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд гол дүрд тоглох аялал. Ялангуяа өөрийн өндрөөс 2 дахин гүнзгий гол рүү үсрэхийг хүүхэд бүр хийх ёстой. Эмэгтэй хүүхдүүд бол голд тоглох нь чухал.

Ёкоминэ дадал хэвшил

  • Бусдын гарыг харахгүйгээр өөрөө бие дааж хийх боломжтой зүйлс
  • Том болохдоо сурсан байх ёстой зүйлс
  • Нэг дадлаас цааш салбарлан өөр дадал суулгах зүйлс

эдгээрийг үндэс болгон дараах дадлыг чухалчилдаг. Чанга дуугаар “За” гэж хариулах Эрт унтаж эрт босох, өглөөний хоолоо заавал идэх.

Ёкоминэ цэцэрлэгийн 1 өдрийн хөтөлбөр

Нийт 6 бүлэгтэй.

  • 5 настай
  • 4 настай
  • 3 настай
  • 2 настай
  • 1 настай
  • Дэгдээхэй 0 настай

3 настайгаас бие даалгах сургалт. D E Дэгдээхэй бүлгийн хувьд бусад цэцэрлэгийн хөтөлбөрөөс ялгаагүй.

D, E Дэгдээхэй бүлгийн хуваарь

9:00 цэцэрлэгтээ ирэх
9:00-9:30 бие засах, өглөөний мэндчилгээ
9:30-10:00 цай
10:00-11:00 тоглох, уралдах
11:00-11:20 бие засах, хувцсаа солих
11:20-12:30 хоол, шүдээ угаах, бие засах
15:00-15:30 унтлага, бие засах
15:30-16:00 цай
16:00- харих бэлтгэл

2 нас хүртэлх хүүхдийг “аюулгүй байдлыг нь хангаж, дураар нь, чөлөөтэй, хайрлаж хүмүүжүүлнэ”. Энэ насанд бие засах, хоолоо идэх гэх мэт чадваруудыг суулгаж өгнө.

А В С бүлгийн хуваарь

9:00 цэцэрлэгтээ ирэх /8:30- уралдаан/
9:00-10:00 бие даан сурах /унших, бичих, тоо бодлого/
10:00-10:30 өглөөний мэндчилгээ
10:30-11:00 уралдах /А, В бүлэг/ хөгжим /С бүлэг/
11:00-12:00 биеийн тамирын дасгал /А/, хөгжим /В/, уралдах /С бүлэг/
12:00-13:00 хоол, шүдээ угаах, цэвэрлэгээ
13:00-14:00 цэцэрлэгтээ ирэх
14:00-15:00 хөгжим/А/, дасгал/В/, унтлага /С/
15:00-15:30 цай
15:30-16:00 харих бэлтгэл
16:00- чөлөөтэй тоглох

3 настайгаас сургалтаа эхлэх ба 4 настайгаас өдрийн унтлага хийлгэдэггүй. Ачаалал даах чадвар сайжирсан энэ насны хүүхдийг өдөр унтуулахад орой унтах цаг нь хойшилдог. Том хүн ч гэсэн өдөр унтахаар орой нойр хүрдэггүй. Хүүхдийг өдөр хүчээр унтуулах нь орой нойр хүрэхгүй байх, тэгээд өглөө босохгүй нойрмоглох үндсийг тавьдаг. Энэ нь даамжрахаар өглөө унтах гэсэндээ хүүхэд худлаа өвдсөн болж жүжиглэх, сургуульдаа явах дургүй болох зэрэг сөрөг нөлөөтэй.

Өдөр унтуулалгүйгээр эрт унтаж, эрт босдог болгохыг зорьдог. Өдөр унтахын оронд хөдөлж, дасгал хийж, хичээл хийж, цагийг үр дүнтэй өнгөрөөснөөр ядраад орой 8 цаг гэхэд цаанаасаа нойр нь хүрдэг. Эрт унтаж, эрт босох нь Ёкоминэ сургалтын үндэс суурь юм.

Ёкоминэ сургалтыг нэвтрүүлснээр...

Ёкоминэ сургалтын аргыг нэвтрүүлээд 5 жил болж байна. зөвхөн хүүхэд биш, багш нар, эцэг эхчүүд, нийт цэцэрлэгийн орчин өөрчлөгдсөн. Хамгийн их өөрчлөгдсөн нь:

  • “Урам” өгөх орчин бүрдүүлсэнээр хүүхдийн нүд гэрэлтдэг
  • Хүүхдээс сурах сэдэл үүссэнээр багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилсэн
  • Том хүүхдүүд нь бага хүүхдүүдийнхээ үлгэр дуурайл болдог.

Хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд “урам” өгч хүсэл тэмүүллийг нь “асаах” нь чухал гэдгийг өдөр бүр харж байна. “Чадахгүй хүүхэд гэж байхгүй, зарим нь жаахан илүү цаг л зарцуулдаг” гэсэн Ёкоминэ багшийн үгийг тодоор мэдэрч байна.

Кумамото муж Цүнада цэцэрлэг

Албан ёсоор Ёкоминэ сургалтын аргаар хичээллэж эхлээд их удаагүй боловч дараах зүйлс ажиглагдаж байна.

  • 3-4 настангууд үнэхээр дуурайх дуртай
  • Эцэг эхчүүд хүүхдээ хэт эрхлүүдэг
  • “3 наснаас хойш эрхлүүлэхгүй” гэдэг үзэл санаа нь хүүхдийн бие дааж сурахад маш чухал.

Нийгата муж Жириццү

Ёкоминэ сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн сургадаг вэ?

Бүх хүүхэд авъяастай, чадвартай гэж үздэг тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч ялгалгүй сургалтдаа хамруулах бодлого баримталдаг. Ёкоминэ цэцэрлэгт хүмүүжсэн 3 хүүхдийн жишээг авч үзье.

4 настай, эрэгтэй

Амьсгалын дутагдал, элэгний дутагдалтай, хөл гар саажилттай, “алхаж чадахгүй” гэсэн оноштой байсан. Дүү хүүхдүүдийн ангид оруулж, эхний ээлжинд хоолоо идэх, үг хэлж сурах, биеийн хүч суулгах, нийгэмшүүлэх тал дээр анхаарсан.

Хоол идэхэд эрүүний булчин сул байсан тул дуртай хоолыг нь өгөхийн хажуугаар бохь зажлуулж, амтгүй болохоор дургүйцээд байсан тул арваалжны борц/саки-ика/ зажлуулсан.

Биеийн хүч суулгахын тулд өдөр бүр эмнэлгийн тулгуур ашиглан өдөр бүр алхах дасгал хийлгэснээр бага багаар алхах болсон. Мөн гадаа хүүхдийн түрдэг тэрэг түрүүлж алхуулсан.

Ярьж сургахын тулд үлээх чадвар суулгахын тулд хүзүүнд нь лимбэ зүүж өгч, хүссэн үедээ үлээж болохоор болгосон. Аажмаар авиа гаргадаг болж, а и ү э хэлж чаддаг болсон. О хэлж чаддаггүй байсанаа сурсан.

Дараа нь пианика тоглож, дасгал хийж сурсан. Бусад хүүхэдтэй хамт хоолоо идэж, жаахан удаан ч бусадтай л адилхан гүйдэг. Хананд тулаад гар дээрээ тогтдог, хүүхдүүдэд мост унаж үзүүлдэг. Үсгүүдээ бүгдийг цээжилж, чангаар уншдаг, бичиж ч чаддаг болсон.

3 настай, эрэгтэй

Аутизмтай, ангид орохоос айдаг байсан. Тусдаа өрөөнд уншиж, бичиж, тоо бодлого хийлгэсэн. Анхаарал төвлөрөлт маш сайтай байсан тул хичээлээ сайн хийдэг, аажмаар өөртөө итгэлтэй болж, 4настайдаа анги руу орохоосоо айхаа больсон. Найзуудтай болж, тоо бодлого, уншиж бичихдээ сайн болохоор ангийнхаа хүүхдүүдэд хүндлэгдэж, улмаар дасгал хөдөлгөөн хийхдээ ч сайжирч, гар дээрээ явж чаддаг болсон. Хэн ч харсан энгийн хүүхэд болж өссөн.

3 настай, эмэгтэй

Бага тархины гэмтэлтэй, алхаж, ярьж чаддаггүй, саажилттай, мөлхөж явдаг байсан. Шатаар мөлхүүлэх дасгал хийлгэсэн. Өдөр бүр давтсанаар хагас жилийн дараа эв хавгүй ч гэсэн шатаар авирч чаддаг болсон. Дараа нь тэгш газар алхаж сурсан. 4 настайдаа ганцаараа алхаж сурсан. Өөрөө маш их хичээсэн. Өөрийнхөө хүчээр бага тархиныхаа гэмтлийг давж чадсан.

Уншиж бичиж, тоо бодож сурснаар яваандаа үг хэлж эхэлсэн.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласнаар бид өөрсдөө маш их зүйлийг сурлаа” гэж багш нар хэлж байсан.

Ёкоминэ цэцэрлэгт “хэт хөдөлгөөнтэй, дийлддэггүй, анхаарлын төвлөрөл муутай” гэгдсэн хүүхдүүд ч орж суралцаад авъяасаа нээж, хөгжиж байна. Ийм хүүхдүүд эрч хүч ихтэйгээс биш ухаан муутай биш, эсвэл олон зүйлийг сонирхож хийж үзэх гэдэг сониучхан, сурах тэмүүлэлтэй хүүхэд байдаг. Гэтэл томчууд аргыг нь олж чаддаггүй болохоороо элдэв шошго хаяг зүүдэг. “Чадахгүй” гэхээсээ өмнө “чаддаг зүйлийг нь нэг нэгээр нэмэгдүүлэхийн” төлөө ажиллах ёстой юм.

Ёкоминэ сургалтын үүрэг хариуцлага

Чаддаггүй хүүхдийг чаддаг болгох.

Бүх хүүхдийг 100% чаддаг болгосон хүнийг л “багш” гэж нэрлэнэ. Чадах хүүхэд бол өөрөө ч сурчихна. Чадахгүй хүүхэдтэй ажиллаж, чаддаг болгох нь багшийн үүрэг.

Хүүхдийн ирээдүйд хариуцлага үүрэх.

Ёкоминэ цэцэрлэгийн багш нар төгсгөсөн хүүхэд бүрийнхээ сургууль дээр очиж үздэг. Амжилттай/ дур сонирхолтой сурж байна уу, хоцрогдоогүй, сургууль завсардаагүй байгаа даа? гэх мэт. Өөрийнх нь хүмүүжүүлсэн хүүхэд сургууль дээрээ дээрэлхүүлж байна, сургууль завсарджээ гэж хэн нэгнээс сонсох шиг гунигтай юм багш хүнд үгүй. Ядаж л бага сургуулиа төгстөл нь анхаарч байх ёстой юм. Ийм хүнийг л жинхэнэ багш гэнэ.

Бага сургуульд орох хүртлээ /балчир насандаа/ эзэмших ёстой чадварыг баттайгаар суулгаж өгөх.

Ёкоминэ сургалт нь хүүхэд насыг балчир нас, бага сургуулийн нас, шилжилтийн нас гэж хувааж үздэг. Нас бүрт тухайн насандаа эзэмжих ёстой чадвар гэж бий. Тухайн насанд нь тохирсон сэтгэлийн, биеийн, суралцах хүчийг эзэмшүүлэх нь багшийн үүрэг юм. Балчир насанд эзэмших ёстой дараах чадварууд байна.

  • Бага сургуулийн 1-2 ангийн сурах бичиг болон дуртай номоо уншдаг, богино хэмжээний өдрийн тэмдэглэл бичдэг
  • 2 оронтой тоо нэмж, хасдаг
  • Эрт унтаж эрт босдог
  • “За” гэж чанга тод дуугаар хариулдаг
  • Модон морь /10давхар/, сэнс эргэх, гар дээр явах /5метр/
  • Амьсгаа авч 5м сэлдэг
  • 4-р анги хүртлээ бие дааж давтдаг, 5-р ангиасаа бие дааж суралцдаг

Зорилго, аргаа сайтар ухамсарлах.

Ёкоминэ сургалтын хамгийн гол зорилго бол хүүхдийг “бие даалгах”. Унших, бичих, тоо бодох, дасгал, хөгжим сургах нь арга юм. Эдгээр аргаар дамжуулан өөрөө сэтгэж, санаачилж, шийдвэрлэж, хийх, бие дааж суралцах чадвартай хүнийг өсгөн хүмүүжүүлэхийг зорьж буй юм.

Ёкоминэ сургалтын амжилт.

Унших дуртай.

Цэцэрлэг төгсөхдөө хүүхэд бүр 1500-2000 ном уншсан байдаг. Бага сургуулийн 3-р ангид орох хүртлээ 3000 ном уншина. Энэ бол бие дааж суралцах үндэс юм.

Бичих үндэс.

3 настайгаас Ёкоминэ сургалтын бичих дасгалын номыг ашиглан зөв бичих аргад суралцдаг. 3 настай хүүхдүүд анхаарлаа хөвчлөн үнэн сэтгэлээсээ хичээж байгааг харах гайхалтай. 3 жилийн дотор зохион бичлэг/өдрийн тэмдэглэл 30 дэвтэр бичсэн байдаг.

Тоглоомын аргаар бодож сурах.

Тоглоомын аргаар сурдаг тул хүүхдүүд хар аяндаа тоож сурдаг. Хүүхэд ер нь тоо бодох дуртай байдаг. Сампин ч гэсэн энэ насны хүүхдүүд д хамгийн амжилттай сурдаг.

Балчир насанд л сурах дасгал.

5 настай эрэгтэй хүүхэд бүгд гар дээрээ явдаг, 5 настай бүх хүүхэд том хүний 8 давхар модон морь дээр ядах юмгүй харайдаг. 10 дээр харайдаг хүүхэд ч бий. Өглөө бүр 10 минут уралдаж, нуруу нь цэх шулуун болж хөгждөг. 50м ахлах бүлгийнхэн 10,45 сек, энэ нь нийт Японы бага сургуулийн 2-р ангийн дундаж 10,7-с давсан үзүүлэлт. Ёкоминэ барилдаанаар бага сургуулийн 2-р ангийн хүүхдийг давдаг. Зуны 20 хоногийн сургалтаар ахлах бүлгийн бүх хүүхэд 15м бүрэн сэлдэг болдог.

Эдгээр 5 зүйлийг бүх хүүхэд чаддаг. Олон цаг нүдэж байгаа биш, хүүхэд аяндаа л сурдаг. Энэ насны хүүхэд учраас бүгд чаддаг болдог.

Төрөлхийн сонсголтой болох.

Ёкоминэ цэцэрлэгт мэргэжлийн хөгжмийн багш байдаггүй. Сууриас эхэлж заадаггүй. Сонсгол сайтай 3 наснаас эхэлдэг. Хялбар аяыг хармоника дээр нэг нэгээр дарж сурдаг. 20 ая хэртэй сурсаны дараа сонсгол нь төрөлхийн мэт хөгжсөн байдаг. Шинэ ая сонсгоход нотыг олж дарж чаддаг. Энэ бол сонсгол ид хөгжиж байгаа нас учраас боломжтой болж байгаа зүйл юм.

Асуулт хариулт

Q: Үзэл санаа?

A: Хүүхэд бүр гоц ухаантан. Хүүхэд бүр тэнгэрээс заяасан авъяас билигтэй, түүнийгээ хамгийн тод томруунаар хөгжүүлэхэд нь туслах

Q: Зорилго?

A: Эцсийн зорилго нь хүүхдийг бие даалгах

Q: Бие даах гэдэг нь?

A: Өөрийн бодол, үйлдэл, чадвартай байх

A: Өөрийн бодол, үйлдэл, чадвартай байх

Q: Уншиж сонсгох тухайд?

A: 1-2 настайд уншиж сонсгох нь чухал, харин үсгээ сурсан хүүхдэд аль болох өөрөө унших боломж өгөх. Ингэснээр номд дуртай болдог.

Q: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухайд?

A: Хүүхэд бүр гоц авъяастан гэсэн үзэл санааны үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ч ялгалгүй элсүүлэн суралцуулдаг.

Q: Байгальтай харьцах талаар?

A: Хүнийг хүн болгоход байгальтай харьцаж, байгалаас суралцах нь маш чухал үүрэгтэй тул “Уулын сургуулийг” байгуулсан.

Q: Мангас эцэг эхчүүдийн талаар?

A: Эцэг эхийг өөрчлөх хэцүү. Харин хүүхэд өөрчлөгдөхөд ээж аавынх нь бодол өөрчлөгддөг тул хүүхдийг өөрчлөх

Q: Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хүмүүжлийн ялгаа бий юу?

A: Эр эм эрх тэгш боловч адилгүй. Эмэгтэй хүүхэд насанд хүрэхээрээ хүүхэд төрүүлж өсгөх байгалийн зөнгөөрөө хариуцлагаа ухамсарладаг бол эрэгтэй хүүхэд эрсдэл, адал явдал, тэмцлээр хүмүүжиж, хүчирхэг болдог.

Q: Хүүхэд эрхлүүлэх тухайд?

A: Эрхлүүлэх нас 2-с доош. Тэврэх нь ч 2-с доош. 3 хүрэхээр нь түлхэж явуулах хэрэгтэй.

Ёкоминэ Монгол цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 94097088, 99178783 утсаар авна уу.